Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 50 хүүхдийн цэцэрлэгийн барилгад улсын комисс ажиллалаа.

   “Монкон констракшн” ХХК нь Америкийн Нэгдсэн Улсын Армийн Инженерийн Корпусын захиалгаар Монгол улсын засгийн газар болон Америкийн Нэгдсэн Улсын засгийн газар хооронд  байгуулсан “Эдийн засаг, техникийн болон бусад тусламжийн тухай” хэлэлцээрийн хүрээнд Америкийн Нэгдсэн Улсын Ази Номхон Далайн Цэргийн Коммандын буцалтгүй тусламжаар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 50 хүүхдийн цэцэрлэгийн барилгын төслийг зураг төсөл зохиох, барих, шилжүүлэх, түлхүүр гардуулах нөхцөлөөр хэрэгжүүлж байгаа бөгөөд 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр тус барилгад улсын комисс ажиллаж, комиссын гишүүдийн 100%-ийн саналаар барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулахаар шийдвэрлэлээ.
       Улсын комиссын бүрэлдэхүүнд Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газар, Замын-Үүд сумын Засаг даргын тамгын газрын мэргэжилтнүүд, Замын-Үүд сумын онцгой байдал, мэргэжлийн хяналт, барилга хот байгуулалтын газрын мэргэжилтнүүд, зургийн автор, Америкийн нэгдсэн улсын Элчин сайдын яамны хяналтын багийнхан, төсөл хэрэгжүүлэгч, туслан гүйцэтгэгч байгууллагуудын төлөөллүүд оролцон ажиллалаа.
       Тус цэцэрлэг нь орон нутгийн хэмжээнд баригдаж буй анхны эко цэцэрлэг бөгөөд хүүхэд багачуудын тав тух, эрүүл ахуй, аюулгүй байдал, сурч хүмүүжих орчинг дээд зэргээр хангасан олон улсын стандартад нийцсэн барилга байгууламж юм.
       Төслийг амжилттай хэрэгжүүлэхэд гүн туслалцаа үзүүлсэн орон нутгийн удирдлагууд, туслан гүйцэтгэгчид, ханган нийлүүлэгч байгууллагууд, Америкийн нэгдсэн улсын Аляска мужийн Армийн Инженерийн Корпус болон төслийг хэрэгжүүлж буй инженер техникийн баг хамт олондоо талархлаа илэрхийлж цаашдын ажил үйлст нь амжилт хүсье.